ШИНЭХЭН ЖОЛООЧИЙН АЙДАС

Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ заадаг - Вернон ло

Шинэхэн жолоочийн айдас буюу жолооч юунаас айдаг талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэниканатай ярилцлаа.

Сайн байна уу? Хатагтай Анна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа шинэхэн жолоочид бяцхан айдас байдаг шүү дээ. Би гэхэд л анх жолооч болчихоод удаагүй машинаа барьж яваад жижиг уулзвар дээр нэлээн түгжрэл үүсгэж билээ.

Тухайн үед сандраад хаашаа рулээ эргүүлэх ёстойгоо ч мэдэхгүй, энд тэндээс машины сигнал дуугараад баларч байсан юм. Түгжрэлээс гарчхаад байхад нэг хэсэгтээ л айдас минь арилахгүй салганаж билээ. Шинэхэн жолооч нарт надтай адилхан жишээ элбэг тохиолддог. Та энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?

Анна: Тийм шүү. Машин бариад удаагүй байхад ийм зүйл тохиолдолгүй яахав.Гэхдээ юун түрүүнд та өөрийгөө “шинэ жолооч” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Ямар ч шинэ жолооч машин унаж эхлэхээсээ өмнө өөрийнхөө сэтгэл зүйн айдсыг даван туулж, өөрийгөө туршлага багатай байгаагаа хүлээн зөвшөөрөх болдог.

Тэгээд ч “Шинэ жолооч”  тэмдгийг машиныхаа арын шилэн дээр наах нь зүйтэй. Ингэснээр эргэн тойронд явж байгаа жолооч нар тухайн тэмдгийг хараад таны гаргах жижиг алдаануудад бусад үеийг бодвол арай хүлцэнгүй хандаж, таныг ойлгож, болгоомжтой байх болно.

Бид жолооч болохдоо жолооны курс төгсдөг шүү дээ. Тэр үед жолооны багш нар тайван бай, битгий өөр зүйл рүү анхаарлаа сарниулаарай.  Урд замаа л хар, тэгээд аль зүг рүү рулээ мушгихаа сайн бодоорой гэж хэлдэг дээ.  Яг үүнтэй ижил тэр айдсыг бид өөрсдөө маш тайван байдлаар даван туулах ёстой.

Ер нь шинэ Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагүй болно гэсэн үг биш юм.

Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагүй жолооч эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу үйлдэл хийдэг. Үүнээс гадна зарим соёлгүй жолооч бүдүүлгээр дохиж зангах үед ч гэсэн юу ч болоогүй юм шиг тайван байж сурах хэрэгтэй бөгөөд хэзээ ч тэдний бүдүүлэг үйлдэлд тэдэн шиг хариу бүү өг, мөн бүү тэдэнтэй  хэрэлдэж байгаарай.

Бусад машины жолооч руу инээмсэглээд гараараа дохиод уучлалт хүсч болно. Сайхан инээмсэглэчхээр та өөрөө ч гэсэн тайвшраад айдас чинь үргэчихнэ. Тэгээд машиныхаа рулээ аль зүг рүү эргүүлж залах ёстойгоо хараад замын хөдөлгөөнд оролцоорой.

Бүр боломжгүй бол арын машиныхаа юм уу хажуу талын машиныхаа жолоочоос эелдгээр тусламж хүсээрэй. Бусдаас тусламж хүсэх нь буруу зүйл биш шүү дээ.

Баярлалаа Анна.