БИДНИЙ МЭДЭХ ПРАДО 70

Бид энэ удаад 70 серийн 1993 оны Toyota Landcruiser Prado-г  оруулж байна.  Энэ загварын анхных нь бүүр 1984 онд гарсан ба 1990 онд сайжруулалт хийгдсэн юм. Ингэхдээ урд нүүрэн хэсгийг шинэчлэн гаргажээ. Харин 1993 оноос дотор салоны дөрвөлжин хянахыг  арай орчин үеийн болгож шинэчилсэн байдаг. Өнөөдрийн оруулсан загвар  тэдгээрийн нэг юм. Монголчууд бидний 77 гэж нэрлэдэг Landcruiser II-ийг илүү нийтийн хэрэглээнд гаргах зорилгоор өөрчлөн Prado-г хийсэн юм гэдэг.

Дизель хөдөлгүүртэй загвар нь маш их байдаг ба бензин хөдөлгүүр нь маш ховор. Эхэн үедээ бидний сайн мэдэх 2L-Т, турботой 2L-TE гэсэн дизель хөдөлгүүрүүдтэй байсан ба монголд ирээд крышк нь мөнч их хагарсан юм.

Энэ хөдөлгүүрийн дутагдал нь маш амархан халдаг бөгөөд  ус нь радиатороор дамжихгүйгээр шууд крышк руу ордог байснаас  халсан үед нь сандарч булгийн, голын гээд хүйтэн ус хийж крышкыг нь хагалчихдаг байсан юм. Яг энэ орж байгаа тэрэг маань дуулиант 2L-TE биш, алдарт 1KZ-TE хөдөлгүүртэй нь юм.

Жолоодлого.

Жолоодоод явахад өндөр зэзгэр санагддаг. Нилээн хатуу явдалтай ба 69-өөс арай зөөлөн юм. Уул нь тэнхлэг нь дан пүрштэй боловч яагаад ийм хатуу байна гээд үзтэл тэнлэг явах зай нь ердөө 2.5-4 см байсан юм.

Ийм болохоор л чулак нь рамны дэр резинээ нүдээд явуулахгүй байв. Хөдөлгүүрт бол яриад байх юм байхгүй, турбоны хүч бол хангалттай сайхан татна. Автомат кроп нь 4 араатай шилжилт нь зөөлөн. Тэр болгон эвдрээд байхгүй. Урьдийн халаад байдаг дутагдлыг арилгасан байлаа.

Харин пүршийг нь сольж өндөрсгөөд үзтэл тэнхлэгийн явалт ихэсч 8-10 см болов. Шууд таарах пүрш олдоогүй болохоор урд талд нь өвгөн Бензийн урд пүрш, хойд талд нь 80-ийн стандарт урд пүршийг тавьтал явдал гэж маягтай зөөлөн болсон.

Ингээд хир баргийн донсолгоонд тоормоз гишгүүлээд байхгүй, 2 тэнхлэг нь 2 уулаа чулак болохоор барагтай л эвдэрэхгүй сайхан болжээ. Урд тэнхлэгийн нэг дутагдал бол урд хөтлөгчийг жижиг цахилгаан мотороор залагдаг ба аль нэг нь шатчихвал мостондоо ордоггүй нэг гэм байгаа.

Хотод бөглөрөөнд 15л, сийрэг замд 13, шулуунд 11л түлш шатаачихна. Төвийн дифф цоожлогч нэмэлт захиалгын тоноглол болохоор яг энэ машинд байхгүй байв.

 Урд талд сольж тавьсан Бенцийн урд пүрш, Хойно сольсон Ланд-80-ын урд пүрш
Урд талд сольж тавьсан Бенцийн урд пүрш, Хойно сольсон Ланд-80-ын урд пүрш

Цахилгаан мотор бүхий урд тэнхлэгийн захын дамжуулагч түгжигч

Чулакан урд тэнхлэг

Тав тух.

70,80-аад онд экспедицийн зориулалтаар хийсэн болохоор сүүлийн үеийн жийпнүүдтэй харьцуулах хэцүү. Нарийн эгц дөрвөлжин салон, нимгэн хаалга зэрэг нь өөрийн эрхгүй 80-аад оныг санагдуулна.  Суудлууд нь өндөр дээр байрладаг боловч эгц босоодуу суухаар хийгдсэн.

Хойд тээшний хэсэгтээ 2 эвхэгддэг суудалтай бөгөөд аваад тавьбал нилээн их зайтай боловч  урд 2 эгнээний суудал нилээн шахуу байрласан учир хол газар явахад бие чилэхээр.

Арын зорчигчид зориулсан паартай байгаа нь даараад байхааргүй. Их ачаа ачихад өөрийнх нь пүрш арай л даахгүй суучихна (Манай монголчууд хэт их ачаа ачдаг болохоор тийм байх). Сүүлд пүршийг нь өндөрлөсөнөөр явдал сайжирсан, тэрнээс биш ирсэн чигээрээ бол жаахан тийм. 

Гэхдээ шороон замд бол сайн явахаар боловч ачаатай үед тэнцвэр муутай хамаагүй хурдалж болохгүй байв.  Машинд байх ёстой зүйлүүд л байгаа, илүү оролдоод байх юм бараг байхгүй гэхэд болно. Түүнийхээ хирээр илүү хялбар хийцтэй гэхүү дээ. Паарны удирдлага нь хуучны троссон удирдлагатайн дээр засах боломжтой.

Суудлууд эгц байрлалтай

4 дугуйгаар хөтлөх горим сонгох товчлуур

Урд паарны удирдлага, нормаль өсгөгч, хойд тен халаагч, шил арчигчийн кноп ↓

Паарны сэнс болон хоолойнууд ил байрласан учир задлахад хялбар боловч урд хайрцаг жижигтэй ↓

Хойд хэсгийн паарны удирдлага ↓

Арын суудлуудыг урагш эвхсэнээр урт зүйл ачих боломжтой ↓

Суудлуудыг босгох боломжтой. ↓

Тоноглол.

Яг энэ машинд жийпэнд хэрэгтэй зүйл байна уу гэтэл 4 дугуйгаар хөтлөх горимыг залгах товчлуураас өөр юм байхгүй байв. Төвийн дифф цоожлогч, хойд урд дифф цоожлогч, лебедка гээд чухал хэрэгслүүд тавигдаагүй. Харин урд хамгаалалт, манангийн гэрэл, ачаа, арын шат, хайлшин обод нь жинхэнэ ориганаль байгаа нь үзэмжтэй харагдаж байв.

Оригналь урд хамгаалалт, манангийн гэрэл ↓

Сэлбэгийн олдоц. 

1KZ-TE хөдөлгүүр нь сэлбэгээр байдаг боловч жаахан үнэтэй, урд 2 амартизаторыг орлуулахад хэцүү. Хойд талд бол өөр жийпний гогцоотойг олоод хийчих боломжтой.  Энэ хөдөлгүүр нь өөр Hilux, Granbia зэрэг нилээд загварт тавигддаг. Доогуур бол нээх эвдрээд байх зүйл байхгүй учир хэдэн втулк резин амортизатор байхад л болно.

1KZ-TE турбо дизель хөдөлгүүр. 3.0 литрийн 4 цилиндртэй, 130 м.х @ 3600 эрг/мин,  287 Нм эргүүлэх хүчийг @ 2000 эрг/минутанд гаргана.