2010 MERCEDES-BENZ G550

Та яг л хунтын дэглэмийн цэргүүдийн удирдагч шиг сүр хүчтэй, өндөр уулын дээр барьсан швейцари маягийн зуны байшингаас эргэн тойрныг харж буй сэтгэгдэл төрөх бөгөөд таныг бүгд хүндэтгэн харж, та хэзээ ч хэний ч өмнө уучлалт гуйхгүй мэт үл шавхагдах эрч хүч, дээд зэрэглэлийн байдлаараа бусдаас ялгарах болно.

Тэртээ 30 жилийн өмнөөс анх цэргийн зориулалтаар бүтээсэн бөгөөд одоогоор G-Class автомашинуудыг АНУ-д 8 жилийн өмнөөс албан ёсоор импортлон оруулж ирдэг болжээ.

2010 оны загварт шинэлэг зүйлс юу байна?

Мерседес-Бенз G-Class автомашины 2010 оны загварт нэмж их биеийн өнгөтэй хаалганы бариул, шинэ хажуугийн загварчлал, шинэ нөөц дугуйны гэр болон спорт яндангийн системтэй болжээ. Салоны тухайд шинэ урд суудал, арьсан хянах самбар, халдаг мод болон арьсан оруулгатай руль болон гэрэлтүүлэг ба шинэ түлхүүрийн дизайныг хийж өгчээ. Харин 2011 оны загварт шинэ обудны загвараас өөр нэмэлт өөрчлөлт ороогүй юм.

Танилцуулга:

Түүний биеийн жин 2565 кг 30 жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн араатан шинжээ хадгалахын сацуу люкс орчинг бий болгож чадсан билээ.

Тэд үргэлж "Сейфтэй адилхан хийнэ" хэмээх лоозонгийнхоо дагуу G-г бүтээдэг ба түүний хажуу тал, запас дугуй зүүсэн хойд багажны хаалга зэрэг нь АНУ-ын Форт Нокс дахь алтны сейфтэй тун ч их төсөөтэй харагддаг. Хэрвээ та калибрын буугаар буудах чимээ сонсохыг хүсвэл түүний хаалгануудыг хаахад л сонсох болно.

Металл металлтайгаа цохилцож байгаа юм шиг тас няс гэж хаагддаг ба энэ бол Мерседес-ийн инженерүүд жижиг зүйлийг ч маш сайн бодож тооцоолон төгс эвдэршгүй зүйл бүтээдгийн тод илрэл гэж бодож байна... Бас ч болоогүй Мерседес AMG дивизийнхэн таны автомашиныг дайснуудаас хамгаалах хамгаалалтын хуяг автомашинд тань суурилуулах боломжтой ажээ. Мэдээж асар том урд салхины шил, маш том шил арчигч, хуягласан төмөр авдарны дотор суухад танд ямар мэдрэмж төрөх вэ? Дэлхийн 2-р дайны үеийн далайн эргийн хамгаалалтын бункэрт суусан аятай мэдрэмж төрөх нь баараггүй үнэн гэж бодож байна.

Мэдээж өсгөлүүн бие хаатай хүнд G-ийн хувьд эргэлт таарахад жолоодлого тааруухан хэдий ч явдал нь үнэхээр тааламжтай уян зөөлхөн хийгджээ. Салоны зохион байгуулалт хийц зэрэг бол мэдээжийн хэрэг төгс люкс хийцтэй гэхдээ ашигтай зайн хуваарилалт тийм ч оновчтой биш агаад олон удирдлагын товчлуурууд хянах самбарын доор байрласан тул сунаж хүрнэ гэдэг их зовлонтой байлаа.

Энэ нь ч түүний 1,931 м өндөртэй сунаж өндөрссөн их биеийн бүтэцтэй шууд хамааралтай хэрэг байх гэж бодож байна. Ийм ч учраас шатахуун зарцуулалтаас гадна таны G автомашин гаражиндаа багтах уу гэдэг асуултыг давхар бодох шаардлагатай болж байна. Гэсэн хэдий ч түүний аятайхан нүд булаам цэргийн урт түрийтэй гутал шиг байдал нь энэ бүх асуултыг ор тас тоохгүй өнгөрөөж болох шалтгаан болдогт гол учир оршино. Та G-Class-д дуртай ч таны цуглуулгад өөр хүчирхэг автомашинууд байгаа бол яах вэ? Та үүнийг нэмснээр парк шинэчлэлтдээ нэр хүндтэй чухал цус сэлбэлт хийж байна гэсэн үг юм.

Их биеийн загвар, хувилбарууд болон сонголтууд:

2010 оны Мерседес-Бенз G-Class бол 5 зорчигч тээвэрлэх боломжтой SUV автомашин юм. Дотроо G550 болон G55 AMG гэсэн хувилбартай бөгөөд энгийн хувилбар болох G550 хувилбарт стандартаар 18 инчийн обуд, автомат би-ксенон их гэрэл, автомат шил арчигч, ухрах камер, ухрах зогсоолын мэдрэгч, туссан гэрлийг бууруулагч салоны толь, люк, 2 тусдаа ажиллагаатай агааржуулагч, автомат тохиргоотой рулын байрлал өөрчлөгч, 10-н тохиргоо бүхий урд суудлууд, суудлын тохиргоог санах функц, арьсан бүрээс, халж сэрүүцүүлдэг урд суудлууд, халдаг хойд суудлууд болон халдаг руль зэрэг стандартаар тавигддаг юм байна.

Улмаар стандартаар COMAND электрон холболтын туслалцаатай цэнхэр шүд (Bluetooth), хатуу дисктэй замын мэдээг шууд хүлээж авах навигэйшн систем, дуугаар удирдах функц болон Harman Kardon стерео, 6 CD/DVD ченжер бүхий дууны систем, сансрын радио болоод iPod холболтууд зэрэг үүнд багтана.

G55 AMG автомашинд нэмэлтээр супержаржед V8 хөдөлгүүр, 19 инчийн обуд, сайжруулсан будаг болон салоны модон оруулга, нэмэлт хромон урд хамгаалалт зэрэгтэй. Эдгээр загваруудад алинд нь ч нэмэлт сонголт байхгүй юм.

Хүчин чадал ба үзүүлэлт:

2010 Мерседес-Бенз G550 нь 5.5 литрийн V8 хөдөлгүүртэй ба түүнээс 382 морины хүч болон 530 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай. Мэдээжийн хэрэг 2 хувилбарт хоёулаа фултайм буюу 4 дугуй хөтлөх системтэй бөгөөд урд, төв, хойд тэнхлэгүүдийг түгжих боломжтой. 2 горимтой туслах хурдны хайрцагтай (хүндрүүлэгч буюу High ба Low горимтой ) бөгөөд залгах товчлуур нь суудлын хоорондох доод тавцан дээр байрлана.

Улмаар төвийн дифференциалыг түгжсэнээр хүчийг 50/50-аар урд/хойд тэнхлэгт хуваарилах төдийгүй урд хойд тэнхлэгийн дифференциалыг цахилгаан мотороор түгжих боломжтой. Үүний үр дүнд таны G-Class оффроад жолоодлогод гайхамшигтай үр дүнг мэдрүүлэх болно. Эдгээрийг 7 шатлалт автомат хурдны хайрцгаар зохицуулах ба тестээр G550 нь 0-100 км/ц хурдыг 6.6 секүндэд авч EPA үзүүлэлтээр хотод 25.7л/100км шулуунд 18.8л/100км хосолмол нөхцөлд 21.7л/100км-т шатахуун зарцуулдаг байна.

G55 AMG хувилбарын суперчаржед 5.4 литрийн V8 хөдөлгүүр нь 500 морины хүч болоод 700 Нм эргүүлэх хүчийг гаргах ба мөн л 4 дугуй хөтлөх системтэй хэдий ч 5 шатлалт хурдны хайрцагтай ажээ. Тестээр 0-100 км/ц хурдыг 5.4 секүндэд авч байгаа бөгөөд шатахуун зарцуулалт 26/19/23.5 литр бензин зарцуулна.

Аюулгүй байдал:

G-Class-д стандартаар ABS, Трэйкшн контрол болон стабилити контрол, хажуугийн цохилтоос хамгаалах агаарын дэртэй ба харин их биеийг хамгаалах дэр байхгүй байна. Тормозны тестээр 100 км/ц хурдтай явж байхад нь зогсооход 38.1 метрийн явалттай байсан ба энэ нь түүний хүнд их биетэй шууд холбоотой гэж бодож байна. Ерөнхийд нь дүгнэн хэлхэд DC-10 онгоц урд дугуйгүйгээр газардаж буйтай ер нь төстэй. Тиймээс болгоомжтой давхих хэрэгтэй!

Салоны дизайн болон онцлогууд:

Тэр бол энгийн нэгэн автомашин биш юм. 30 жилийн тэртээгээс цэрэг дайны зориулалтаар үйлдвэрлэгдэж улмаар энгийн иргэдийн хэрэгцээг хангах болсон 4х4 оффроад автомашин хайрцаг юм. Цонхны шилнүүд маш том, жолооны хүрдний хойно сууснаар яг л хотожсон ковбой шиг санагдуулам. 5.1 гаралттай 610 ватт хөгжимний гаралт бол үнэхээр гайхалтай сайхан дуугаралттай. Өнөөдөр G550-ийн борлуулалт жилд 3,000 хүрэхгүйтэй байдаг билээ.

Хэдийгээр Бензийн электрон болон тус тусдаа ажиллах агааржуулалтын удирдлагыг G550-д суулгасан ч энэ нь энгийн архитектүртай түүний хувьд үр ашиг муутайхан байдаг байна. Навигэйшн систем ба уймруу COMAND интерфэйс нь өвдөгний хажууханд байрлана, энгийн агааржуулалтын удирдлага нь таны шилбэний харалдаа байрлах нь хүрч ажиллахад маш төвөгтэй болсон.

Руль дээрээс зарим зүйлсийг удирдах точвлууртай болсон ч хамгийн гол зүйл буюу бусад дээд зэрэглэлийн люкс SUV-ийн гол баримталдаг зарчим болох хамгийн боломжит ашигтай байрлалуудыг тэд огт тоосонгүйд оршиж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд урд талд ганцхан аяганы тавиуртай бөгөөд тэр нь ядаж байхад болхи хийцтэй дээр нь байрлал нь яг гарын түшлэгний хажууд шүү... бас болоогүй нэг аяганы суурь байгаа ч тэр нь зорчигчийн хөлний хажууханд тамирчин хүнд зориулсан аятай торон хийцтэй байгаа нь маш их сонирхол татав.

За энэ ч яахав бусад зүйлс болох салоны хийц маш сайн чанартай болсон байгаа нь мэдрэгдэж байсан бөгөөд 2010 оны сайжруулалтаар урд хянах самбарт савхин чимэглэл хийж өгсөн юм. Зай талбайн хувьд урд суудлын хөлийн хэсэг өндөр жолооч нарт хангалтгүй ба хойд суудлууд үүнээс арай дээр хэдий ч хойно суух голын зорчигчийн хөл аяганы суурь хоёрын дунд ширүүн тэмцэл үүсмээр нөхцөлтэй.

Харин толгойн зайны хувьд хангалттай мөн гарын түшлэг маш тухлаг юм. Хойд суудлуудыг буулгаж тээшний зайг томруулж болох бөгөөд ерөнхийдөө хойд хэсгийн зохион байгуулалт Мицубиши Пажеротой төсөөтэй.

Жолоодлого:

V8 хөдөлгүүрийн хурдлах нь 2010 оны Мерседес-Бенз G-Class-ийн эрч хүчийг илтгэх төдийгүй шулуун замд тухтай ба зөвхөн замын хонхорхой нүхнүүдээс ирэх чихэнд чийртэй цохилт кабинд сонсогдоно. Эргэх нөхцөлд өндөр нарийхан G нэг л өөртөө итгэлтэй бус эргэлтийг гүйцэтгэнэ, мөн туг сүлжих тестэнд хамгийн удаанаар амжилттай сүлжсэн рекордыг тогтоомоор харагдаж байлаа. Тиймээс ч маш ихээр ажиллагаанд орж ядарсан тэнцвэрийн удирдлагын системдээ баярлах хэрэгтэй болов уу... (Үргэлж асаалттай байдаг Stability Control System). Ингээд ч болсонгүй удаан жолоодлоготой төдийгүй энгийн автомашин шиг түргэн тэнцвэрээ олдоггүй нь харамсалтай.

Мэдээж удаан жолоодлоготой хэдий ч гол давуу тал ач холбогдол нь оффроад жолоодлого бөгөөд түүний 4 дугуй хөтлөх систем, урд болон төв, хойд тэнхлэгийн дифференциал түгжээнийхээ ачаар байгалийн ямар ч нөхцөлд хотойхгүй явж чадах болсон юм.
Анхнаасаа л цэргийн ажиллагаанд зориулан бүтээгдсэн түүнд цаг хугацааны эрхээр V8 хөдөлгүүр болон электрон системүүдийг өвөг дээдсээс уламжлан ирсэн урд хойд хамаарах тэнхлэгтэй нарийн уялдуулж өгсөн юм. Зарим гадны хэвлэлээс уншиж байхад G-Class-д суусан анхны сэтгэгдлээ хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг бөгөөд нэгэн залуугийн сэтгэгдэлд "Би анх 13 настай байхдаа G-д сууж үзэж байлаа.

Би үнэхээр түүнд дурласан, Би өөрийгөө SUV-д дуртай гэж хэлэхгүй ч тэр бол SUV биш байсан тэр бол галзуу танк байсан" хэмээн дурссан байдаг. G550 нь үнэхээр хурдан бөгөөд түүний 7 шатлалт автомат хурдны хайрцаг нь богинохон араан дамжуулгатай ба таны хажууд яваа зорчигч инээх, уйлах, өмдөндөө шээс алдах гэх мэтчилэн нүүрний бүхий л хувирлыг энэ араатанд сууснаар гаргах болно гэдгээ хараахан мэдэхгүй байх. $100,000 ам.доллараас дээш өртөгтэй энэхүү араатан бензиныг армегдон кинон дээр гардаг машин шиг л залгина. Гэхдээ энэ бол нөөв проблем. Надад үнэхээр сэтгэл ханамж 200% өгдөг болохоор тэр шүү дээ. Түүний нарийхан А-багана эгч босоо салхины шил, хажуугийн цонх зэрэг нь эргэн тойрноо 180 градус дэлгэмэл өнцгөөр төгс харах болно.

Тоймын эхэнд дурьдсан шиг ээлжинд гарсан цэргийн хурандаа уулын орой дээр байшингаа барьчихсан гадаа саравчинд суугаад сүүтэй цай уунгаа ойр орчмоо харж байгаа юм шиг тааламжтай сэтгэгдэл төрмөөр... G-Wagen-ийг их бие-рам хийцтэй хийж 3 төрлийн дифференциал түгжээ хийж өгсөн нь таныг ямар ч нөхцөлд урмыг тань хэзээ ч мохоохгүй үнэнч, насны хэрэглээ байна гэдэгт итгэлтэй байна.

Дизайны хувьд төрөлхийн дөрвөлжин хар цагаан ногоон авдар шиг хийцтэй ч энэ загвараа огт өөрчлөхгүй гэсэн Мерседес-Бензийн бат байр суурьтай тул тэрээр хэзээд классик хэрэглээ байж чадна гэж би бодож байна.

Түүний гол өрсөлдөгч нь Ланд Ровер Ренж Ровер болон Лексас 570 автомашинууд мөн эцэг нэгт GL-Class-ийн автомашин орно. Эдгээр автомашинууд технологийн дэвшлийг өөртөө хүчтэйгээр шингээж өгсөн байдаг бол Жи-Классын хувьд эсрэгээрээ түүхээ мартаж болохгүй гэсэн байр суурьтай, тийм ч учраас ямар ч хүнд байгалийн шалгуурт ураад-довтлоод-тэмцээд гэсэн төрхөөс заяасан генитэй билээ. Шатахууны банк 96/20 литр бөгөөд нэг дүүргэлтээр шулуунд 610 км явах чадвартай бөгөөд дээвэр дээр ачаа ачих жин нь 200кг, 3500 кг даацтай чиргүүл чирэх боломжтой ба урд хойд тэнхлэг нь пүрш болон хийн амортизатортай, бөгөөд дээд хурд нь 240 км/ц ажээ.

Үнийн хувьд ОХУ-д цоо шинэ G550 загвар нь 214,000,000 орчим төгрөг харин G55 AMG хувилбар 300,000,000 төгрөгийн ханштай байна. Манай монголд Мерседес-Бензийн албан ёсны борлуулагчаар 1998 оноос хойш Монголиан Стар Мелшерс компани ажиллаж байгаа бөгөөд түүний засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа зэргийг хийж гүйцэтгэдэг байна. Мерседес-Бенз G-Class автомашиныг Австри улсын Гразд байрлах угсрах үйлдвэрт Magna-Steyr компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр угсардаг бөгөөд энэхүү угсрах үйлдвэрт одоогоор Астон Мартин Рапиде, Мини Коунтримэн, Пежо RCZ, Меседес-Бенз SLS AMG, болоод G-Class автомашинуудыг угсарч байна.