2007-2012 МЕРСЕДЕС-БЕНЗ GL-CLASS

Мерседес-БЕнз компани 2007 онд GL-Class SUV-г танилцуулсан билээ. Түүнийг зах зээлд хүрэлцэхгүй байгаа G-Class-ийн орон зайг нөхүүлэхээр гаргасан бөгөөд бүтэн монокок хийцтэй юм. 7 зорчигчийн суудалтай GL нь бусдаас онцгой, илүү орчин үеийн хэв шинжийг агуулсан, гэр бүлд зойрулагдсан кроссовер болсон юм.

Гаднаас нь анх харахад хажуу талаасаа Toyota RAV4 шиг, 45 градусаас Тоёота Хайландер ч юм шиг, хойд талаасаа Лексас GX урдаасаа Вольво XC90 шиг харагдах юм билээ. Түүнийг M-Class дээр суурилуулан хөгжүүлсэн бөгөөд ерөнхийдөө оффроад замаас илүү он-роад зас замд зориулан гаргасан юм. Гэхдээ Мерседес компанийн нэр хүндийг бодолцон үзэж хэрэглэгчдэд офф-роад багцыг санал болгож байгаа бөгөөд энэ нь ч үйлчлүүлэгчдэд таалагдаж байсан байна.

2007 онд гарсан GL-Class нь 3.0 литрийн турбодизель V6 (GL 320 CDI; 215 морины хүч болон 539 Нм эргүүлэх хүчтэй) эсвэл

4.6 литрийн V8 (GL 450; 335 морины хүч болон 459 Нм эргүүлэх хүчтэй) хөдөлгүүрийн сонголттой байсан. 2 хөдөлгүүрийг 7 шатлалт АТ хурдны хайрцагтай холбож өгсөн бөгөөд Бензийн алдарт 4Matic бүх дугуйн хөтлөгч системтэй хамтран ажилладаг.

Стандартаар Airmatic ухаалаг хийн уутат агаарын пүрштэй, автомат салоны агааржуулалтын систем, халдаг арьсан суудал, люк, зогсоолын мэдрэгч, автомат 3-р эгнээний суудал зэрэгтэй. Дизель хувилбаруудад халаагч, автомат руль өргөгч, автомат толь зэргийг стандартаар санал болгодог байна.

Сонголтоор арьсан суудал, ксенон их гэрэл, оффроад багц, навигэйшн, автомат хойд хаалга, 3 бүсийн агааржуулагч, 3-р эгнээний аюулгүйн дэр (суурь загваруудад зөвхөн урд болон 2-р эгнээний аюулгүйн дэр байдаг), 3 бүсийн агааржуулалтын удирдлага, мөн хойд суудлын DVD тоглуулагчийг санал болгодог байна.

  • 2008 онд Мерседес компани GL 550 хэмээх 3 дахь хувилбарыг санал болгосон бөгөөд тэрээр 5.5 литрийн V8 хөдөлгүүртэй. Түүнээс 382 морины хүч болоод 529 Нм эргүүлэх хүч гарах болсон байна. GL 450 хувилбарт стандартаар автомат руль өргөгч, эвхэгддэг толь, халдаг руль, ксенон их гэрэл, илүү том обуд ирэх болсон бол GL 550-д стандартаар ухаалаг пүрш амортизаторын систем, навигэйшн, хөнгөн цагаан гишгүүр ирэх болсон байна.
  • Харин 2009 оны загваруудад шинэ дууны болон холбооны систем, дизель хөдөлгүүрт Bluetec технологийг ашигласнаар хорт утаан хэмжээг бууруулах болсон байна. Улмаар бүх загваруудад бүсэлхийний 4 тохиргоотой суудлын бүс, шинэ толь болон руль, жолоочийн өвдөгний хамгаалалт зэрэгтэй болсон байна.
  • 2010 онд GL-д хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн бөгөөд дизель хөдөлгүүрийн нэрийг GL 350 Bluetec болгон өөрчилсөн (хөдөлгүүрийн чадал өмнөх онтой ижил) ба стандартаар угаагчтай их гэрэл, хөдөлдөг ксенон их гэрэлтэй болсон байна.
  • 2011 онд бүх Premium багцад үзэгдэхгүй объект илрүүлэгчийг нэмж суурилуулсан бөгөөд GL 350 болон 450-д LED өдрийн гоёлын гэрэл, 20 инчийн обудыг run-flat төрлийн дугуйн хамтаар, шинэ Спорт багцад 21 инчийн обуд болон дугуй, ухаалаг пүрш амортизаторын системийг санал болгох болжээ.

2012 онд GL 450-ийн үйлдвэрлэлтийг зогсоож, Gl 350-д сонголтоор Premium Seating багц болон гоёмсог өнгөний сонголтыг нэмж өгсөн байна.

Шатахуун зарцуулалтын хувьд ерөнхийдөө дизель нь бага харин бензин нь их зарцуулалттай. Дизель хөдөлгүүртэй GL-Class нь хот/шулуунд 11.6л/8.5л/100км зарцуулалттай байхад бензин GL 450 нь 16.3л/11.7л/100км зарцуулалттай байх ажээ. Тийм учраас л дизель нь гадны зах зээлд өндөр эрэлттэй байдаг байна. Харин хамгийн том хөдөлгүүр болох 5.5 литрийх нь 17.1л/11.9л/100км гэж албан ёсны тестийн байгууллагаар тогтоогджээ. Монголын хувьд хотод энэ тоо харьцангуй их байх нь тодорхой.

АНУ болон Канадын хэрэглэгчдийн судалгаанаас үзэхэд GL-ийг хэмнэлт муутай автомашин гэсэн төдийгүй бусад өөрийн өрсөлдөгч нараасаа засварын өртөг өндөртэй гэсэн шүүмжлэлийг авчээ.

Зарим GL-ийн худалдан авагч нар хөдөлгүүрийн тосны анхааруулга худал заадаг гэсэн бөгөөд үүнээс гадна ихэнх загваруудын хөдөлгүүрээс тос алдагддаг байна. GL 450-ийн 4.7 литрийн V8 хөдөлгүүрт энэ гэмтэл тохиолддог бөгөөд тахир голын жийргэвчээс үүсдэг асуудал аж. Мөн GL-ийн нэг толгой өвчин нь Airmatic хийн уутат агаарын пүрштэй холбоотой.

Түүний хийн компрессор муу тул хэвтээд өгдөг. Хэрвээ та хуучин GL сонирхож байгаа бол ийм гэмтэлтэй байх нь түгээмэл тиймээс энгийн ажиллагаатай пүрш амортизатороор сольсон нь зөв сонголт болно.

Мөн хурдны хайрцагт асуудал гардаг бөгөөд үүнийг дилерээс эргэн дуудалт хийж засаж өгсөн байдаг. Хурдны хайрцгийн тосны клапанг солих, программыг сайжруулах үйлчилгээг хийснээр энэ төрлийн гэмтлийг зассан байдаг байна. Улмаар гидрийн шингэн муу шахуургын улмаас алдагддаг гэх мэтийн ерөнхий гэмтэлтэй байна.

Монголд сүүлийн үед эхэн үеийн GL-Class ихээр орж ирэх болсон бөгөөд үнийн хувьд оноосоо хамаараад $45.000-$65.000 хооронд байгаа юм байна. Сэлбэг олдоц, засвар үйлчилгээний хувьд сервисүүд харьцангуй олон болсон тул тэр тал дээр санаа зовох хэрэггүй юм.

Олдохгүй сэлбэг гэж байхгүй бөгөөд GL-Class-ийн ихэнх компьютер R-Class-тэй ижилхэн байдаг дээрээс нь М-Класс дээр суурилсан тул явах эд ангийн ихэнх сэлбэг таардаг.