МАШИН ШАВРААС ГАРГАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ? №289

Намаг шаварт суусан автомашиныг татаж гаргахад зориулалтын татлага хэрэгсэл ашиглах нь автомашиныг татаж гаргахаас гадна мөн эвдэж гэмтэх, татлага харвах зэрэг эрсдэлүүдээс хамгаалах олон давуу талтай. Аливаа татлага хэрэгслүүд нь зориулалт, материал, чанар зэргээсээ хамаарч харилцан адилгүй байдаг. Иймээс татлага хэрэгслээ бэлдэхдээ дараах зүйлсийг анхаарахад илүүдэхгүй.

  1. Татлага хэрэгслээ мэдээж хэрэг олон дахин хэрэглэхийг хүсэж байгаа бол байнга шавар шавхайгаас нь цэвэрлэж хадгалаарай. Хэрэв таны чирэгч татлага, сунгагч татлага аль нь ч бай  бохир байвал бүлээн усанд дэвтээн хэд хэдэн удаа зайлж шавар шорооноос нь салгаад наргүй газар хатаан бэлтгэж байхыг зөвлөе. Ингэснээр та татлага хэрэгслээ дараагийн удаа хэрэглэхэд бэлэн болно гэсэн үг.
  2. Татлагаар чирэх, эсвэл лебёдка хэрэглэхийн аль нь ч бай ... юуны түрүүнд боломжийн хэрээр дугуйн ойр орчмын хэсгийг ухаж цэвэрлэх хэрэгтэй.  Суусан автомашиныг гаргахын тулд хүрзээр дугуйн эргэн тойрны сул шавар шороог зайлуулах нь маш үр дүнтэй арга техник юм. Ингэж ойр орчмын сул шавар, элс, цас зэргийг холдуулснаар автомашиныг өөрөөр нь ч гаргах боломжтой бөгөөд үгүйдээ гэхэд чирч татах ажиллагааг хялбарчилж өгдөг.
  3. Суусан машиныг татаж гаргахдаа ямагт баталгаатай хэрэгслүүдийг ашиглаж байгаарай. Суусан автомашиныг машинаар чирч гаргахад татах өнцөг, татах татуулах машины хүч чадал, чирэх жолоочийн чадвар, нөхцөл зэрэг бүгд харилцан адилгүй байдаг. Эдгээрийн хослол нь ямар ч төрлийн нөлөөг үзүүлж болзошгүй бөгөөд жолоочийн аюулгүй байдалд нөлөөлж ч болзошгүй.
    Иймээс байнга чанарын шаардлага хангасан зориулалтын татлага, хэрэгслүүдийг ашиглахыг зөвлөж байна. Учир нь автомашиныг хэт хүчтэй угзран татах үед татлага, тороос харвах, автомашиныг эвдлэх аюултай байдаг. Харин зориулалтын татлага хэрэгсэл нь эдгээр эрсдэлүүдийг тооцож хийгдсэн бөгөөд тодорхой шаардлагуудыг хангасан байдаг учраас гарч болох аливаа эрсдэлээс таныг хамгаалах болно.
  4. Автомашиныг татаж гаргахад чирэгч автомашин ба ашиглаж буй хэрэгслүүдэд их хэмжээний ачааллыг үзүүлдэг. Энэ нь эргээд чирч буй машиныг гэмтээж болзошгүй учир чирэгч машины ганц голын цэгээс таталгүй 2 цэгээс нь татаж энэхүү ачааллыг бууруулах хэрэгтэй.
  5. Суусан автомашиныг хүчтэй угзарч, мөн өөрөөр нь хүчилж гаргаж байгаа тохиолдолд татаж гарч ирсэн машин огцом хүчээр чирэгч машинаа мөргөх эрсдэлтэй байдаг. Ямар ч тохиолдолд автомашиныг татаж гаргахдаа эхлээд зугуухан эхэлж - аажмаар хүчилж татаж гаргадгийг анхаарах хэрэгтэй.
  6. Хоёр татлагыг хооронд нь shackle ашиглан холбож болохгүй учир нь ямар нэг байдлаар татлага тасрах эсвэл shackle алдах үед зүгээр л сум шиг харвах эрсдэлтэй байдаг.
  7. Towball буюу чиргүүлийн дэгээнээс татаж болохгүй! энэ нь гадны огцом татах хүчийг тэсвэрлэхдээ муу байдаг бөгөөд харвах аюултай юм. Towball харавсан хэд хэдэн харамсалтай тохиолдлууд байдаг байна.
  8. Машиныг шавраас татаж гаргах нь ямар нэг үзэгчдэд зориулсан үзүүлбэр биш бөгөөд аюултай байж болзошгүй. Тийм учраас эргэн тойрондоо хүмүүс тойрч зогсоон харуулах хэрэггүй. Ойр орчмын хүмүүсийг хол зайтай байхыг анхааруулаарай.
  9. Татлага хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж байгаарай. Олс татлага нь ямар нэг байдлаар урагдсан муудсан эсэхийг хэрэглэхийн өмнө шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэг эргэлзээтэй зүйл байвал солихыг зөвлөж байна.
  10. Татлага болон чирэгч олсныхоо дунд хүндрүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь угзарч тийрэх эрсдэлээс хамгаалдаг. Хэрэв танд зориулалтын татлага хүндрүүлэгч байхгүй тохиолдолд хуучин цамц алчуур норгож ашиглаж болно.